Тэнгэр ниргэж тэнгис ширгэсэн ч бид найзууд

Хазгай гишгэж хальтарч унасан ч бид найзууд


Хайрандаа шатаж хагацаж нийлсэн ч бид найзууд


Холын хол сурахаар одсон ч БИД НАЙЗУУД

Thursday, January 7, 2010

Амьдрах байр уу, автобусны мөнгө үү, аль нь дээр вэ?


Оюутнуудын нийтийн тээврээр үйлчлүүлэх зардлыг төрөөс бүрэн даахаар шийдлээ. Мянга хүрэхгүй төгрөгөөр бүтэн сарын турш автобусаар зорчих шийдвэр гаргасан эрх баригчдад оюутнууд баярлаж, талархах нь зүйн хэрэг. Оюутнуудын амьдралд тус дэм болох үүднээс автобусны мөнгийг нь хөнгөвчилнө гэдэг сайхан санаа л даа. Гэхдээ манай улс хэр баян билээ, ямархуу бэл бэнчинтэй орон билээ гэдгээ юун түрүүнд бодолцож, тооцож үзэх хэрэгтэй байсан байх.

Нийтийн тээврээр оюутнуудын үнэгүй зорчих зардлыг нийслэлийн төсвөөс гаргуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, оюутнууд автобусаар цахим картаар үнэгүй үйлчлүүлж, түүнийг нь унших төхөөрөмжийг нийтийн тээврийн хэрэгсэлд суурилуулахад 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлээс гаргах юм байна. Нийслэлийн жилийн төсөв нийтдээ 60 тэрбум төгрөг. Гэтэл тал хагас нь ийнхүү оюутнуудын автобусаар зорчих хөнгөлөлтийн билeт тэргүүтэн болон хувирсан нь Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хооронд бяцхан маргаан дэгдээгээд байгаа. Тээврийн газрын даргын мэдээлснээр 80 мянган оюутан автобусаар үнэгүй зорчих бөгөөд үүнээс 47 мянга нь хөдөө орон нутгийн оюутнууд гэнэ. Тиймээс дээрх мөнгийг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам гаргах ёстой гэсэн байр сууриа Нийслэлийн Засаг даргын Тамгын газар илэрхийлж буй юм. Нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх оюутны зардлыг хаанаас, хэн даах нь татвар төлөгчдийн хувьд ялгаагүй. “Готов нь авна уу, Мятав нь авна уу хамаагүй” гэгчээр 30 тэрбум төгрөгийг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам эсвэл Засаг даргын Тамгын газрын данснаас гаргах уу гэдэг нь сонин биш. Дээрх мөнгийг төсөв бүрдүүлэгчдийн “халаас”-наас шимэх нь тодорхой болсон.

Нийслэл хотод гүүрэн гарц тавих асуудал ид яригдаж, энэхүү бүтээн байгуулалтыг хийх ёстой гэсэн шийдвэрийг УИХ-аас гаргав. Гүүрэн гарцыг барьснаар гол замуудад үүсдэг авто машины ачаалал эрс багасах гэнэ. Уг бүтээн байгуулалтад нийтдээ 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Тэгвэл нийтийн тээврээр оюутнуудыг үнэгүй үйлчлүүлэхэд татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж буй мөнгөөр нэг гүүрэн гарц элбэгхэн барьчихаар байгаа биз. Тэрхүү 30 тэрбум төгрөгийг заавал оюутнуудад зарцуулах ёстой юм бол үүнээс өөрөөр шийдэх олон асуудал олон байгааг сануулахад буруудахгүй байх. Жилийн жилд хөдөө орон нутгаас цөөнгүй оюутнууд Улаанбаатарт ирдэг. Тэдний хувьд хаана амьдрах вэ гэсэн томоохон асуудалтай тулгардаг агаад айлын хатавчинд толгой хорогдох оюутнуудад амьдрах байр хамгийн чухал, хамгийн эрэлттэй зүйл байдаг, шүдний өвчин байдаг билээ. Нийслэлийн удирдлагуудын “наашаа харж инээж, цаашаа харж уйлан” байж өгөх 30 тэрбум төгрөгөөр оюутнуудад орон орон, амьдрах байр бариад өгчихвөл аль аль талдаа ашигтай шийдвэр, ашигтай бүтээн байгуулалт болох юм. Гучин тэрбум төгрөгөөр гурван мянган оюутны байр барихад элбэгхэн хүрэлцэнэ гэсэн дүгнэлтийг барилгын салбарын мэргэжилтнүүд өгч байна. Оюутны байр барьснаар олон оюутан толгойн өвчнөөсөө салж, энэ нь нийслэлийн бас боловсролын салбарын асуудал төдийгүй нийтийн тээврийн ачааллыг багасгахад ихээхэн том хөрөнгө оруулалт болох ойлгомжтой. Жилээс жилд уналтад орж, ашиггүй ажиллаж байгаа нийтийн тээврийнхнийг ядарсан дээр зүдрээж байснаас оюутны байр бариад өгчихвөл оносон шийдэл болох бус уу.

Ж.ЭРХЭС

No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :D