Тэнгэр ниргэж тэнгис ширгэсэн ч бид найзууд

Хазгай гишгэж хальтарч унасан ч бид найзууд


Хайрандаа шатаж хагацаж нийлсэн ч бид найзууд


Холын хол сурахаар одсон ч БИД НАЙЗУУД

Monday, January 11, 2010

АНУ-ЫН ИХ СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД СУРАХ УРИЛГА ЯАЖ АВАХ ВЭ?

АНУ-д суралцахын тулд гадаадын харьяат бөгөөд түүнээсээ татгалзах (abandon) бодолгүй гэдгээ харуулах нь чухал. Оюутны виз нь байнга суралцах (academic), хэлний болон мэрэгжлийн түр хугацааны сургалтын F-1, M-1 гэсэн 2 ангилалтай байна.

F, J болон M ангиллын виз олгох мэдүүлэх, олгохтой холбогдсон үйл ажиллагаа нь Оюутны болон солилцооны зочны хөтөлбөр (ОСЗХ) (Student and Exchange Visitor Program) (SEVP)-ийн дагуу хэрэгжинэ.
Энэ хөтөлбөрт гадаадын оюутан хүлээн авч, сургах эрх олгох, төлбөр, хураамж авах, оюутны хичээлийн жил болон гэр бүлийн гишүүдийн асуудлыг шийдэх, хууль сахиулах асуудал хамаарагддаг.
Сургалтын визтэй холбогдсон иж бүрэн үйл ажиллагааг Оюутны болон зочин солилцооны мэдээллийн тогтолцоо (ОЗСМТ) (Student and Exchange Visitor Information System) (SEVIS) гэж нэрлэдэг.
Энэ нь АНУ-ын хилийн чанадад суугаа консулын бүх газар, ДАБХД-ын хилийн орох боомт дахь албад, сургалт эрхэлж байгаа байгууллагууд, солилцооны зочны хөтөлбөр бүртэй сүлжээгээр холбогдсон мэдээлэлийн технологийн иж бүрэн тогтолцоо юм.
ОЗСМТ нь сургуулийн элсэлт, АНУ-ын виз олгох, нэвтрэн орох, ангилалынхаа дагуу бүртгүүлэх, хаяг, сургалтын хөтөлбөр өөрчлөгдөх, хөтөлбөрийг сунгах, ажиллах зөвшөөрөл олгох асуудлын тухай мэдээллийг холбогдох цаг хугацааны хуваарьтай нь тусгасан байдаг.
АНУ-ын сургуулиуд 2002 оны хичээлийн жилээс эхлэн шинээр гэрчилгээ авах өргөдлөө гаргах боломжтой болсон. Шинэ гэрчилгээ аваагүй ямар ч сургууль 2003 оны 2 дугаар сарын 15-аас хойш ОЗСМТ-ны дагуу бидний урилга гэж нэрлэдэг I-20 маягт олгох эрхгзй болсон.
өөрөөр хэлбэл, 2003 оны 2 дугаар сарын 15-аас хойш АНУ-аас гадна байсан бүх хүний сургалтын визийн мэдүүлэгт ОЗСМТ-ны дагуу олгосон I-20 маягт орсон байх ёстой.
Оюутны болон зочин солилцооны визтэй гадаадын бүх хүмүүс 2003 оны 8 дугаар сарын 1-ээс эхлэн АНУ-ын сургуульд ОЗСМТ-ны дагуу элсэн орох бөгөөд АНУ-ын бүх сургууль үүнээс хойш холбогдох бүх нэмэлт, өөрчлөлт хийх ёстой.
Одоогийн журмаар олон улсын оюутан сургадаг сургуулиуд 2 жил тутамд шинэ гэрчилгээ авах ёстой. Гадаадын цөөхөн оюутан сургадаг жижиг сургуулиуд интернет дахь ДАБХД-ын аюулгүйн вэб.хуудасны ОЗСМТ-ны мэдээлэлд хэрэглэгчийн нэрийг ашиглан нэвтэрч, хянаж зохицуулж байх боломжтой.
Олон оюутан сургадаг томоохон их сургуулиуд праграмм худалдан авч ййрийн сүлжээнд суулгаж, ДАБХД-ын мэдээлэлийг авч ашигладаг.
ДАБХД-аас 79 хуудас ОЗСМТ-ны хэрэглэгчийн гарын авлага, сургуулийн гэрчилгээний хөтөлбөрийн I-17 маягт бөглөх журам, асуулт, хариулт бүхий 36 хуудастай түр гарын авлага гаргасан. Холбогдох мэдээллийг ДАБХД-ын холбогдох вэб.хуудаснаас авч болно.
Цагаачлалын бус оюутны болон оюутны бус ангилалын визтэй гадаадын олон хүний гэр бүлийн гишүүд (эхнэр буюу нөхөр, насанд хүрээгүй хүүхэд) АНУ-д суралцах хүсэлтэй байдаг.
B, F, M-ээс бусад цагаачлалын бус визтэй гадаадын хүмүүсийн эхнэр, нөхөр, насанд хүрээгүй хүүхэд статусаа F, M, J ангиллын оюутны виз болгож өөрчлөлгүйгээр аливаа сургуульд сурч болно.
Харин гэр бүлийн гишүүд зохих ангиллын оюутны визтэй болохоос нааш сургууль дээр буюу сургуулийн гадна ажил хийх аливаа хөтөлбөрт хамрагдах эрхгүй.
B, C, D, Q-1 визтэй гадаадын хүний эхнэр, нөхөр болон насанд хүрээгүй хүүхэд суралцах зорилгоор визээ солиулах (C, D, Q-1 ангиллын визтэй хүн гэр бүлийн гишүүдээ авч ирэхийг зөвшөөрдөггүй) боломжтой боловч цаг хугацаа, нөхцөл байдлаа сайтар шалгаж, зохицуулах шаардлагатай.
АНУ-ын Дээд шүүхийн баримт бичиггүй гадаадын хүмүүсийн бага насны хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж болох тухай шийдвэрийг ДАБХД хүлээн зөвшөөрч, гэрчилгээ олгодог.
F-1 буюу M-1 виз мэдүүлэх анхны алхам нь ДАБХД-аас албан ёсны зөвшөөрөлтэй сургуулиас урилга авсан байх шаардлагатай.
өөрөөр хэлбэл гадаадын оюутан сургах сонирхолтой бүх шатны их, дээд сургууль, коллеж, бүрэн буюу бүрэн дунд боловсролын болон бага сургууль ДАБХД-аас зөвшөөрөл авсан байх ёстой.
Урилга гэж нэрлэдэг I-20 авахаас өмнө тухайн сургууль гадаадын оюутан суралцуулах эрхтэй эсэхийг сайтар судлах хэрэгтэй.
Сургууль F, M визтэй оюутан бүрийн тухай шаардлагатай мэдээлэлийг цаг тухайд нь шинэчилж байхын зэрэгцээ дараах тайлан гаргана:
-статусаа зөрчсөн болон хөтөлбөрөө дуусгаагүй оюутан, оюутан болон түүний гэр бүлийн гишүүний хууль ёсны нэр, хаягийн өөрчлөлт, ОЗСМТ-ны I-20 маягтад дурдсан хөтөлбөрийн хугацаанаас өмнө төгссөн оюутны тухай,
-гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргасан оюутанд сургуулиас хариуцлага хүлээлгэсэн тухай,
-сургуульд бүртгэх, хичээл эхлэх, завсарлах, дуусах хугацаа, оюутны сургуульд элсэн орсон болон хасагдсан, хөөгдсөн тухай болон оюутан бүрийн хаяг, цаашид суралцах нөхцөл, хугацааны тухай.
Оюутан хариуцсан ажилтан ОЗСМТ-д шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг цаг тухайд нь хийгээгүйгээ болж оюутны статус хүчингүй болдог маш хатуу сөрөг үр дагавартай байдаг учир оюутан өөрөө сайн анхаарч, шахаж шаардаж байх нь зүйтэй.
Виз мэдүүлж байгаа оюутны хувьд оюутан хариуцсан ажилтан хамгийн дотнын, хүндэтгэлтэй, сонсож ажиллах ёстой хүн байдаг. Оюутны статусаа хадгалах нь нэн чухал бөгөөд хэцүү асуудал юм.
Сургалт, байр, хоолны зардал, ар талын санхүүгийн дэмжлэг, гадагш, дотогшоо явах, хичээлгүй байх, сургууль дээрээ болон сургуулиас гадуур ажиллах, дадлага хийх бүх асуудлаар оюутан болохоос өмнө ч, болсон хойноо ч гадаадын оюутны зөвлөхтэй ойр дотно хамтарч ажиллах шаардлага гарна.
Итгэмжлэгдсэн сургууль оюутны материалыг хянаж үзээд ДАБХД-ын ОЗСМТ-нд оруулсны дараа I-20 маягт (урилга гэж нэрлэж заншсан) олгодог бөгөөд түүнд оюутны сургалт эхлэх, завсарлах, амрах, нийт суралцах хугацаа, сурах болон бусад үндсэн нөхцөл, болзлыг тусгадаг.
Оюутны төгсөх хугацааг ОЗСМТ өөрөө тооцож гаргадаг бөгөөд энэ хугацааг 60, 30, 15 хоногоор сунгаж, оюутны статус тодорхойлох үндэслэл болгож ашигладаг.
Оюутны F-1, M-1 ангиллын визээр АНУ-д ирэх гадаадын хүний визийн мэдүүлгийг ДАБХД-аас урьдчилан зөвшөөрөх шаардлага байхгүй.
Виз мэдүүлэхдээ DS-156 болон DS-158 маягт (зарим улсын иргэн 14-45 насны эрэгтэй оюутнаас DS157 маягт бөглөхийг шаарддаг) бөглөж, виз мэдүүлсний хураамжийн хөлс төлсөн баримт, 6 сараас доошгүй хугацаагаар хүчинтэй паспорт, зохих журмын дагуу авахуулсан гэрэл зураг хавсаргана.
Сургуулиас олгосон ОЗСМТ-ны I-20 маягт, буцаж ирэхээ нотлох баримт, санхүүгийн дэмжлэг авах эх үүсвэр, суралцах зорилгоо нотолсон нотолгоо, англи хэлний түвшингийн нотолгоо, оюутны сургуульд элсэн суралцах боломжийг харуулсан аливаа нотолгоог мөн хавсаргана.
Оюутны виз мэдүүлж байгаа хүний онцгойлон анхаарвал зохих хамгийн чухал хүчин зүйл нь үнэхээр сурах (bona fide) оюутан гэдгээ нотлон харуулж, итгүүлэх, ХЦА-ийн зөвшөөрөлтэй сургуульд өрөгдөл гаргаж элсэх урилга (I-20) авах, санхүүгийн баталгаа найдвартай байх асуудал юм.
Ихэнх тохиолдолд оюутны сургалтын төлбөрийн баталгааг эцэг, эх, хамаатан садан, найз нөхөд нь гаргадаг учир ихээхэн хариуцлагатай итгэл үнэмшилтэй баталгаа байх ёстой.
Байнгын сургалтаа амжилттай дуусгаж, мэрэгжлийн диплом авах нь H-1B визээр үргэлжлүүлэн ажиллах, хууль ёсоор байнга оршин суух зөвшөөрөл (ногоон карт) авах бэлтгэл шат ч болдог.
Консулын газар сургуулийн I-20 хүлээж аваад түүнд нууцаар байрлуулсан ОЗСМТ-ны “N” үсгээр эхэлсэн 11 оронтой кодыг ашиглан консулын мэдээллийн санд орж, холбогдох тодруулалт хийнэ.
Сургууль нь оюутны шаардлагатай бүх үзүүлэлтийг ОЗСМТ-д суулгасан эсэх, сургуулийн код, нэр, оюутны овог, нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн улс, иргэний харьяалал зэргийг шалгаж, шалгаж, дүнг ОЗСМТ-д оруулж, виз олгосон тухай тэмдэглэл хийнэ.
Виз мэдүүлэгч оюутны шаардлагатай үзүүлэлт ОЗСМТ-д бүрэн, зөв орсон эсэхийг шалгалгүйгээр аль ч консулын газар виз олгохгүй.
Виз хүссэн өрөгдлийг зөвшөөрсөн тохиолдолд консулын газар виз хүсэгчийн паспортад сургуулийн нэр болон ОЗСМТ-ны тэмдэглэл бүхий виз дарж, DS маягтаас бусад баримт бичгийг буцааж өгнө.
Визийг I-20-д дурдсан сургуулийн хичээл, хөтөлбөр эхлэхээс наанадаж 90 хоногийн өмнө олгож болдог боловч оюутан хичээл эхлэхээс 30 хоногоос өмнө АНУ-д ирвэл оруулахгүй байх талтайг анхаарах хэрэгтэй.
F-1 визийн хугацаа гол төлөв 5 жил байдаг боловч визийн хугацаа, оролтын тоог улс бүртэй харилцан адил байх зарчмын үндсэн дээр өөрөөр тохирдог.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газрын хооронд 2001 оны 7 дугаар сарын 6-д солилцсон ноот бичгээр Монголын оюутанд 6 сарын виз олгохоор тохиолцон, хуульчилсан.
F-1 визийн Үндсэн эзэмшигч АНУ-ын хил дээр ирж, нэвтрэн орох хүсэлт гаргахдаа виз, I-20, цагаачлах далд санаагүй гэдгээ нотлох баримт, санхүүгийн дэмжлэг болон суралцах зорилгоо батлах бүх баталгааг үзүүлнэ.
Цагаачлалын албаны ажилтан визийг хуулбарлан авч, оюутан АНУ-д орсон тухай мэдээллийг ОЗСМТ-д оруулж, сургуулийн оюутан хариуцсан ажилтанд мэдэгдэнэ.
Оюутны паспортад F-1 визээр орсон тухай тэмдэглэл бүхий I-94 карт хавсаргаж, I-20-г нь буцааж өгнө. M-1 визтэй хүний хувьд бараг адилхан журам мөрдөгдөнө. Оюутан ирэнгүүтээ сургуульдаа бүртгүүлэх ёстой.
Оюутны статусаа хадгалж чадахгүй бол албадан гаргагдах аюул нүүрлэх бөгөөд сургуулиа төгсч чадахгүй бол ногоон карт горьдлого багатай болно гэсэн үг.
ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

АНУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд, тэдний ар гэр, ах, дүү, төрөл төрөгсөдөд зориулан АНУ-ын цагаачлалын хууль тогтоомжийн шинэчлэлийн чиг хандлага, нэмэлт өөрчлөлт, анхаарах асуудал, монгол иргэдэд зайлшгүй шаардлагатай зарим ангиллын визэнд тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг баримтын болон Монгол Улсын зайлшгүй мэдвэл зохих хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн талаар Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс вэб.хуудсаараа дамжуулан иргэдийн сонирходог, түгээмэл асуудалд хариулах замаар тайлбар, мэдээл, зөвлөлгөө өгч байх болно.
Та бүхэн ЭСЯ-ны вэб хуудсан дахь хаягаар санал, хүсэлт, сонирхсон асуултаа ирүүлж байвал Та, бидний ажилд ихээхэн тус дөхөмтэй байх болно.
Манай Вэб:
www.mongolianembassy.us
Утас: 202-333-7117

No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :D